Өөрт буй сайн дадал зуршилыг хөгжүүлж шинээр эерэг сайн дадалыг бий болгохуй

Бид алив муу зүйл сурахдаа хялбар сурдаг мөртлөө сайн зүйл хийх гэхээр олон бэрхшээл тулгарч хэцүү санагддаг нь дадалтай холбоотой юм. Энэтхэгийн гүн ухаанч Шантидэва бээр:  Дадуулж чадваас хялбар болдоггүй зүйл гэж үгүй хэмээн айлдсан байдаг. Үүнээс бид хэцүү зүйл гэдэг нь дадуулаагүй зүйл болох мөн амар хялбар гэж үздэг зүйлс маань дадуулж чадсантай холбоотой хэрэг гэдгийг мэдэж болох юм.

    Хүний сэтгэлд төрөлхийн  болон олдмол гэсэн хоёр төрөлийн дадал  бий. Эхээс төрөхдөө бусдаар заалгалгүй өөрийн дадалын эрхээр хийж чаддаг багагүй зүйл байдаг түүнийг төрөлхийн дадал гэж нэрлэх ба харин түүнээс хойш олж авсан дадалыг олдмол гэнэ.

    Дээр дурьдсан дадал дотор сайн дадал болон муу дадал хоёр хоёулаа бий. Сайн дадалыг хөгжүүлж чадсаны ашиг тус болон муу дадал зуршилын хор уршигийг өмнө дурьдсан билээ. Харин одоо бидны дараагийн хийх ёстой зүйл бол тэдгээр дадал дотроос өөрт буй сайн авъяасыг хөгжүүлж, шинээр эерэг дадал бий болгох нь чухал юм.

    Бусдыг хайрлан энэрэх сэтгэл, асрахуйн сэтгэл, хүлцэнгүй, тэвчээр болон ханамжит зэрэг та өөрт бий гэж тодорхойлж буй тэдгээр эерэг сэтгэлүүдийг тодорхойлон барьж өдөр тутамынхаа амьдрал дээр хэрэгжүүлэн дадуулж сурах хэрэгтэй. Эхний үед амаргүй бөгөөд олон бэрхшээлтэй нүүр тулж өөрийгөө хорьж байгаа нь танд өөрийгөө шоронд хийж буй мэт мэдрэмж төрөхийг үгүйсгэхгүй ч бага багаар дадуулж чадсанаар шоронд хоригдож байгаад эрх чөлөөтэй болох мэт гайхалтай мэдрэмжийг та өөрөө мэдрэх болно.

    Дээр дурьдсан хүлцэнгүйг олон хүмүүс дорой буурай зан гэж тодорхойлох болсон ч үнэндээ олон аюулаас өөрийгөө хамгаалж чадах бамбай адил хичнээн ашиг тустай зүйл болохыг уурын ерөндөг дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

    Харин өөрт байхгүй гэж тодорхойлж буй эерэг дадалыг бид бусдаас суралцаж мөн л дээрхийн адил дадуулах боломжтой тул өөрийн сэтгэл үгүй хэмээн шантралгүй хичээж өдөр тутамынхаа үйл хэрэгийг хийх үедээ сэрэмж болон санамсараар өөрийн сэтгэлээ хамгаалуулан дадуулах боломжтой. Танд амжилт хүсэе!

Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй

    Багш маань муу хүн гэж байдаггүй юм харин муу зуршилтай хүн бий тэр муу зуршил тухайн хүнийг муу хүн мэт харагдуулж буй хэрэг хэмээн хэлсэнчилэн муу зуршил гэдэг бол яг л бидний тэмцэх хэрэгтэй аюулт дайсан юм. Бидний сэтгэлд маш олон тооны муу дадал зуршил байдаг ч тэдгээрийг үргэлжийн мөнх тэтгэгч гурван хор бий.

    Үүнд уур, шунал мөн мунхаг багтана. Эдгээр хорт сэтгэл тус бүрийг дараагаар тайлбарлан нийтлэх болно. Энэ удаад эдгээрийн эрхээр бид өөрийн сэтгэлийг тайван байдалыг алдаад зогсохгүй бусдад санаатай болон санаандгүй, шууд болон шууд бусаар хорлож байдаг нь хичнээн аюултай дайсан болохыг мэдэж болох юм. Бид гадны дайсанг мэдэхээс гадны дайсанг бий болгогч дотоодын дайсанд төдийлөн ач холбогдол өгөлгүй тэр битгий хэл анзаардаггүй нь бидний гол дутагдал юм. Өмнө нь дурьдсан өөрийгөө таних гэдэг чинь л дотоодын дайсанг таних гол арга учир юун түрүүнд өөрийгөө таних чухал гэдгийг дахин хэлж буй.

    Гадны дайсан хэмээгдэх тэдгээр хүмүүстэй эвлэлдэн харилцан ойлголцож бүр анд найзууд болох ч боломж бий. Харин дотоодын дайсан болох муу хорт дадал зуршилтайгаа ямагт нөхөрлөж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тэдгээр нь эн тэргүүн үеэс өнөөг хүртэл чамайг үргэлжийн мөнхөд хорлоод зогсоогүй гадны дайсанг бий болгож ирсэн. Тэдгээр муу дадал зуршилаас салах хүртэл тэдгээрийг болон тэдгээрийн хор уршигт үйлийг санаж сэтгэлийн мухраасаа жигших нь тэдгээрээс салах эхний алхам гэж хэлхэд буруудахгүй. Хэдийгээр анхлан алив шинэ зүйлийг хийхэд амаргүй байдагчилан энэ нь ч мөн адил хэцүү ч шантралгүй дадал болтол өдөр тутамын амьдралдаа хэвшүүлэх нь амин чухал зүйл юм. Дадуулж хэвшүүлэх дээ та тэдгээр муу зуршилаас салж чадвал хичнээн амар амгаланд хүрч болохыг төсөөлж бодох хэрэгтэй.

    Сэрэмжгүй явдалыг там гэнэ хэмээн Энэтхэгийн нэгэн гүн ухаанчийн хэлсэнчилэн өдөр тутмынхаа амьдралд сэрэмжийг сэтгэлдээ дадуулж сурах нь нэн чухал юм. Жишээлвэл: Сүүлийн үед банк санхүүгийн газар гэлтгүй ихэнх албан газар болон байгуулагууд үүдэндээ харуул хамгаалалттай болсон. Энэ нь мэдээж тухайн газрыг гадны халдлагаас хамгаалах зорилготой. Үүнтэй адил сэрэмж нь бидийнг өдөр тутамын хорт муу зуршил болон түүнээс үүдэлтэй хорт уршигаас байнга анхааруулан хамгаалж байдаг тул хичнээн ашиг тустай зүйл болохыг үүнээс мэдэж болох юм.  

    Эцэст нь хэлхэд өөрийгөө хууралгүй муу дадал зуршилаа тоолж байгаад ч хамаагүй таниж мэдэх, түүгээр зогсолтгүй тэдгээрийн хорт уршигийг санан сэрэмжийг түшиглэн тэдгээрээс бага багаар салах нь чухал. Танд амжилт хүсэе!